Аймгийн Алдарт уяач Б.АЮУШЖАВ: Буурал аавынхаа буянд насаараа жороо морьд хурдлууллаа


Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бадамцэрэнгийн Аюушжав гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1939 онд Шинэ худгийн боловсон хашаат хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд 1991 онд Улсын аварга малчин, 2013 онд ХАА-н академийн хүндэт профессор, Алтангадас одон, V, VI таван жилийн гавшгайч, АХ-ын 70, 80, 90 жилийн ойн медаль, сумын 12 удаагийн Хөдөлмөрийн аварга ажээ.
-Таны аав сум орон нутгийн даргаар ажиллаж байсан юм байна. Тэр их ажлын хажуугаар морь уядаг байсан уу?
-Миний аав Сумцагааны Бадамцэрэн Цээл сумын даргаар ажилллаж байгаад, сүүлдээ ахтай хамт морь уядаг болсон. Аав маань 1905 онд төрөөд 1970-аад оны үед бурхан болсон. Миний аав дээр үед шүүх яаманд бичээчээр ажиллаж байгаад нутагтаа ирсэн гэдэг юм. Бог голдуу малладаг ч адуу малд их сонирхолтой, морь уях дуртай хүн байсан.
-Аав тань дайнд оролцож байсан уу?
-1921 оны хувьсгалд гар бие оролцсон гэдэг юм. Мөн хожим Ховдыг чөлөөлөх дайнд Хатанбаатар Магсаржавын цэрэгт багтаж, оролцон Ардын хувьсгалын партизан болсон юм гэнэ лээ. Тэр үед гол их үертэй байж таараад, цэргүүд нь бүслэлтэнд боогдчихоод явж чадахгүй байхад аав маань наашаа, цаашаа явах бичгийг нь үхрийн олгойд хийгээд, үхрийн эвэрт уяж гол гатлуулаад, ар талтайгаа холбоо барьж байсан гэдэг. Бодвол Буянт юмуу, Завхан гол л байсан байх даа.
-Шүүх яаманд бичээчээр ажиллаж байсан гэсэн. Энэ нутгийн хүн үү, эсвэл өөр аймгийн уугуул юм уу?
-Энэ нутгийн уугуул хүн. Сургууль соёлд яваад, Завхан аймгийн прокурор, Улаанбаатар хотод шүүх яаманд ажиллаж байгаад нутагтаа буцаж ирсэн юм гэнэ лээ. Бид эцэг, эхээсээ зургуулаа. Би дээрээсээ гурав дахь нь.
-Ээжийн тань хөшөө Цээл сумын төвд байдаг гэсэн үү?
-Тиймээ. Миний ээж Сэрээтэрийн Пунсал дээр үед шуурганд уруудсан малынхаа араас явж байгаад эндсэн юм. Тэр гавьяаг нь мөнхжүүлж, Цээл сумын төвд хөшөөг нь босгосон нь энэ. Манай хамгийн том эгч Чанцалжав бас Улсын малчдын анхдугаар зөвлөгөөнд оролцож, мөнгөн бүслүүртэй гангар хувин, мөнгөн цараар шагнагдаж байсан юм.
-Танай нутгийнхан ээжийн тань талаар үлгэр домог шиг л зүйлс ярьдаг юм билээ. Та үнэн түүхийг нь бидэнд тодруулж өгөөч?
-Тиймээ. Би тэр үед цэрэгт явчихсан байсан юм. Ээж маань 1963 онд Сэрэнгийн нуруунд хүү, охин хоёрынхоо хамт нэгдлийн 1200 гаруй мал хариулж байсан. Тэгээд тавдугаар сарын эхээр ногоо цухуйж байхад Цагаан голоор давж, Өргөн шир гэдэг газар малаа ногоолж байсан юм билээ. Тэгсэн цасан шуурга болоод, уруудсан хонио дагаж яваад Цэрэнгийн нуруунд амь үрэгдсэн юм. Тэр үед нэг хонь төллөөд, хурга нь осгох гээд байхаар нь өвөртөлж явсаар хээр хөдөө хонож өнжөөд, өөрөө осгочихсон байсан. Ээжийг хүмүүс олоход өвөртөлсөн хурга нь амьд байсан гэдэг. Тэгээд нутаг орны удирдлагууд “Эрэлхэг эмэгтэй” гэж алдаршуулж, хөшөө дурсгалыг нь босгосон. Энүүхэн хойно, сумын төв талбайд байгаа хурга тэвэрсэн эмэгтэйн хөшөө чинь миний ээж хөшөө байхгүй юу.
-Аав тань нутагтаа ирээд сумын даргаар хэр удаан ажилласан бэ?
-Нэг жил ажиллаад, таван хошуу мал авч малласан.
-Улс орон, нэгдэл нийгмээс аавын тань хөдөлмөрийг үнэлж ямар шагнал урамшуулал өгч байв?
-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн медаль, Халх голын 30 жилийн ойн медаль зэрэг олон одон медалиар шагнагдсан. Мөн Ардын хувьсгалын анхны партизануудын нэг гэгддэг юм.
-Аав тань ямар, ямар морьд хурдлуулж байсан бэ?
-Сэрдгочоогийн хүрэн гэж нэрд гарсан жороо хүрэн морь байлаа. Мөн хоёр сайхан хулгар бор морь байсан. Нэг нь хатирдаг, нөгөө нь жороо. Бас Туулай хээр гэдэг хурдан хээр морь байлаа, Батмөнх гэдэг хүнээс авсан хатирч хээр гэж байсан. Мөн хамаатнуудынхаа нэрээр Отгоо, Жавгаралын гэж нэрлэсэн хоёр цагаан морь байлаа. Ер нь л сумын баяр наадамд айргийн таваас мултардаггүй хурдан хүлгүүдтэй байсан даа.
-Аавтайгаа хамт наадамд явж байсан л байлгүй. Тэр үед хэн гэдэг уяачийн ямар зүсмийн морьд илт давуу хурдалж байсан бэ?
-Аавыгаа дагаад наадамд явна аа. Тэр үед Билэгтийн халтар их хурдан байлаа. Хойно хөшөөг нь босгочихсон байгаа. Мөн Эрдэнэ-Очир гэдэг хүний нэртэй хурдан хүрэн, Шагжингийн хээр гээд хурдтай сайхан морьд олон байсан.
-Танай ах дүүсийн дунд морь уядаг хүн танаас өөр бий юу?
-Манай ах Даринчулуун сумын дарга хийж байгаад дараа нь насаараа Намын төв хороо, Засгийн газарт ажилласан. Дүү Цэдэв маань бас морь уях гэж оролдож байлаа. Даанч их эрт бурхан болчихсон юм. Би дүүгийнхээ хоёр ихэр бандийн нэгнийх нь нэртэй хатирдаг хар морийг суманд тойруулж байлаа. Мөн манай аав Туулай хээр гэдэг морио ахын өмчинд тасалж өгсөн юм. Тэр морь бас сумын баяр наадамд дээгүүр давхичихдаг байсан.
-Та өөрөө хэдэн наснаасаа морь уяж эхэлсэн бэ?
-Би том биетэй хүүхэд байсан болохоор хурдан морь унаж байгаагүй. Харин Завхан аймгийн Дөрвөлжин сумын 20 болон 50 жилийн ойд хоёр жороо морьтой очиж наадаж байлаа. Аймгийн 50 жилийн ойн наадамд жороо хүрэн морь маань гурваар давхисан. Батмөнх ахын аав Дугаржав, хадам ах Палам нартайгаа хамт өөр газруудаар ч явж, морь уралдуулж л байлаа. Заяабаатарын хонгор гэж алдаршсан морь маань аймаг, сумын баяр наадамд олон удаа айрагдсан. Заяабаатар гэдэг нь манай авга ах Дүгэрцэрэнгийн отгон хүү л дээ. Заяабаатар аймгийн Хөдөө аж ахуйн газар ажиллаад, төвд байдаг байсан болохоор жороо хонгор морийг нь би уядаг байсан юм. Би бол насаараа л жороо морьдоор уралдсан хүн. Халиун сумынхан ч андахгүй дээ. Би хоёр шон босгочихоод, жороо, хурднаар нь ялгаад уячихдаг байлаа. Нэг жилийн наадмаар таван жороо морь ч мордуулж байлаа.
-Та тэр олон жороо морийг хаанаас авдаг байсан юм?
-Миний өвөг эцгийн л буян. Дүгэрцэрэн, Бадамцэрэн гэдэг хоёр хүний адуу тэр чигээрээ жороо байсан юм. Жороо нь одоо хүртэл тасраагүй байна.
-Тийм олон жороо морь уяхаар унах хүүхэд хэр олддог байв?
-Хүн тоотол нь л уядаг байлаа. Манай хүүхдүүд ч бүр багаасаа жороо морьд унаж эхэлсэн. Ойр дотны ах дүүсийн хүүхдүүд ч унана. Уясаны дараа хүмүүсийг “Чи уна” гээд л тойруулдаг байлаа.
-Хамгийн хурдан жороо нь ямар морь байв?
-Аймагт орсон том хүрэн морь. Түүний дараа жижигхэн зээрд морийг нэлээн хэдэн бодоор сольж авсан юм. Тэрийг манай энд малын эмчээр ирсэн Ванчиг гэдэг залуу унадаг байсан. Тэр жижигхэн зээрд морь жороогоос өөр явдлаар явдаггүй, босоо хадан дээгүүр ч жороогоороо л гараад явчихдаг морь байсан юм. 1988 оноос хойш манай хүү Түвдэн миний морьдыг уяж эхэлсэн. 1991 онд айл гэр болоод түүнээс хойш гардаж уях болсон. Морь уяж байсан шон, хэц татаад уясан морь, уяаны арга барил, хурдан морьдыг бүгдийг нь өвлөж авсан хүн дээ. Манай хөвгүүд ер нь бүгд л морь сонирхоно. Зургаан хүүхдээс хоёр нь аймгийн Сайн малчин. Хоёулаа морь уяна. Одоо манайх сумын баяр наадамд жилдээ хоёр, гурван морь тогтмол мордуулж байна. Одоо ч тэгээд хатиртай жороо нэг их явахаа больчихлоо. Манай хүү л тав, зургаан ч хатиртай морь мордуулчихдаг юм. Заримдаа хоёр гурав нь ч айргийн тавд орно. Би саяхныг болтол хатиртай морьдоо унаж байлаа.
-Олон газраар явж наадаж байв уу. Хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Цогт, Алтай, Халиун сумдын баяр наадамд явж байсан санагдана. Аймгийн баяр наадамд хоёр, гурван удаа очиж, уралдсан.
-Та аав, ээжийнхээ хөдөлмөрч, ажилч хичээнгүй зан чанарыг өвлөсөн бололтой. Сумын 12 удаагийн хөдөлмөрийн Аварга болж байсан юм байна. Нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байв?
-Манай аав таван хошуу мал хариулж байсан. Тиймээс ч би ямар ч мал хариулсан, аварга болдог байлаа. Муу малласан мал ганц ч байхгүй. Би ерөөсөө мал маллахдаа үхэр хариулсан ч аварга, адуу хариулсан ч аварга, бүгдийг л ерөөсөө маллаагүй мал байхгүй. Муу малласан мал ганц ч байхгүй.
-1991 онд улсын Аварга малчин болсон юм байна. Тухайн үед энэ шагналыг ямар болзол хангасан хүнд өгч байсан юм бэ?
-Хоёр жил дарааллан төллөх мал маллаж, төлөвлөгөө нормоо давуулан биелүүлсэн амжилтаараа улсын Аварга малчин гэдэг цол авч байлаа.
-Та чац ихтэй, бие томтой хүн юм. Залуудаа барилдаж, ноцолддог байв уу?
-Залуудаа бие хаа сайтай болоод ч тэрүү, хамрын ханиад ч хүрдэггүй байлаа. Гэхдээ барилдаж байгаагүй. Харин эмнэг догшинд эрэмгий байсан. Хүний унаж чадахгүйг л унадаг байлаа.
-Адууны эвийг олоод л уначихдаг байж дээ?
-Зөөлөн, эвлэг хандаж, олмыг нь дасгаж аваад л мордоно. Хөл гараа зөөлөн хөдөлгөж байгаад л, зөнгөөр нь явж байгаад эргүүлэхээр ямар ч эмнэг адууны ааш нь олддог юм.
-Таван хошуу малаас танд аль нь хамгийн ойр дотно санагддаг вэ?
-Адуу. Би гурван жил адуу хариулсан байх аа.
-Цээл сумын үе үеийн сайн уяачдыг та хэр сайн мэдэх вэ?
-Мэднэ ээ. Лхагва, Дугар, Лхагвын ах Ванчиг Балгиа гээд сайн уяачид олон байлаа. Хурдан хээр морьтой Намжилын Мөнх байна. Миний үеийнхнээс Сосор Сооёо байна. Миний дээд үеэс халтар морьтой Билэгт гэж мундаг уяач байлаа. Манай хүргэн Жавгар Тогтохын морьд бас сумын баяр наадамд дандаа л аман хүзүүддэг байлаа.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна