ӨНДӨР НАСТАН Г.БҮҮРБИШ: МАНАЙ ЦАВЬДАР АЗАРГАНЫ УДМЫН АДУУНУУД одоо ч хурдалсаар байна


Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Баян сумын харьяат Галтын Бүүрбиш гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1930 оны хавар одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг Их улбуйн Хулгарын бууц хэмээх газар төржээ.
-Таны өвөө Галт нутаг орондоо нэр хүндтэй уяач байжээ. Та өвөөгийнхөө талаар хэр сайн мэдэх вэ?
-Хуучнаар Сэцэн хан аймгийн Оцол Сансар хошууны “Бага Монгол отог” багийн хүн. Хурдан шарга азарга, хурдан шарга мориороо алдартай.
Тэр үед Цагаандэлгэрийн нутагт байдаг Баян-Уулд хангайн тахилга, Хорьдол, Сарьдаг Мөнгөний бэсрэг наадмууд болдог байлаа. Өвөө маань шарга мориороо тэдгээр наадмаас айраг, түрүү олныг авсан. Мөн хоёр сум нийлж, Бумбаны наадам зохион байгуулдаг байлаа. Би тэр наадамд хурдан морь унаж оролцож байсан.
Бичин жилийн их зуднаар би 15 настай байсан. Миний нэг өргөмөл ах байсан. Тэр маань нутгийн нэг адуучинтай хамт Дорноговийн Алтанширээ рүү бараг 700-гаад адуутай яваад зургаахан морьтой л ирж байлаа. Өвөөгийн уяж байсан сайхан хүлгүүд тэгж л үгүй болсон юм.
-Өвөөгийн тань алдартай хоёр шарга хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Хоёр шарга бол Цагаандэлгэрийн Тулга отог гэдэг азарганы угшил. Цагаан шарга морь нь шарга азарганы төл нь байгаа юм.
-Та хэдэн жил хурдны морь унасан бэ. Өвөөгийнхөө морьдыг унадаг байв уу?
-Би бие томтой хүүхэд байсан юм. Долоон настай унаж эхлээд 13 нас хүрээд хурдны мориноос хасагдсан.
-Галт гуай хэдэн хүүхэдтэй хүн бэ?
-Ганцхан охинтой. Тэр нь миний ижий Лхамжав байгаа юм. Их олон малтай айл байсан болохоор ижийг айлд очуулаагүй гэдэг.
-Өмч хөрөнгө хураах үед танайхыг ч бас хураасан уу?
-Хураалгаагүй. Манайх бичин жилийн зуднаар тэмээнээс бусдыг нь алдсан юм. Тэгээд дараа нь өөрсдөө хэдэн малаа нийгэмчилсэн.
-Та өөрөө эхээс хэдүүлээ вэ?
-Би хоёр дүүтэй. Нэг нь Улаанбаатар хотод 85-тай өвгөн байна. Би өөрөө найман хүүхэд гаргасан хүн. Манай өвгөнийг Сэрдамбын Бат-Өлзий гэдэг юм. Хүүхэд байхад нь Баянцагааны Шар гэж дууддаг байлаа. Уг нь Дорноговь аймгийн Иххэт сумын хүн. Өвөө нь эрдэм ном сүрхий сайн мэддэг Жамсран гэлэн гэдэг лам байсан юм. Тэгээд Цагаандэлгэр, Баянцагаан хоёрын зааг дээр байдаг Цэгээн энгэр, Цэгээн уулын энд ном гүрэм уншуулах гээд гэрээр нь нүүлгээд ирсэн юм билээ. Ямар ч байсан лам нарыг баривчилж байх үед Жамсран гэлэнг олоогүй учир баривчилж чадаагүй юм даг.
-Та хоёр хэдэн онд гэр бүл болсон бэ. Бат-Өлзий гуай тантай гэрлэхээсээ өмнө морь уядаг байсан уу?
-Надтай гэрлэхээсээ өмнө морь уяж байгаагүй. Манайх хурдан цавьдар азарга худалдаж авснаас хойш л морь уяж эхэлсэн юм. Тэр азарганы удам угшлыг хөөвөл Дундговийн Цагаандэлгэрт мал малладаг нэг хоригдол залуу байсан юм гэнэ лээ. Тэр хүн орон нутагтаа очоод гурав, дөрвөн жил болсныхоо дараа хэдэн хурдан адуу авч ирсэн гэдэг юм. Тэр адууных нь дунд Доржийн Хайдав гэдэг айлын бор, шарга гэх мэт онцгой сайн үрээнүүд байжээ.Тогоогийн Очир гэж манай хамаатны нэг өвгөн байсан юм. Очир гуай үр хүүхэдгүй хүн байсан болоод ч тэр үү, тэр залууг нутаг руугаа буцахад нь хөвөнтэй дээлээ өгсөн гэдэг. Тэгээд өнөөх залуу хэдэн жилийн дараа ирээд нэг сайн үрээ өвгөнд бэлэглэсэн нь манай цавьдар азарганы эцэг хүрэн азарга байсан юм.
-Тэр залуу хаанахын хүн байсан юм бол?
-Зүүн зүгийн л хүн байсан. Орлой хошууны хүн гэж ярьдаг даа.
-Одоогийн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын хүн байж?
-Тийм байх.
-Очир гуай тэр залуугийн өгсөн хүрэн үрээг уясан юм болов уу?
-Очир гуай хүрэн азарганы төл болох цавьдарыг 1958 онд Цагаандэлгэрт айрагдуулсан. Түүний хойтон жил нь хадам талынх нь Овоохой гэдэг залуу уяж, Баян сумын баяр наадмаас түрүү авсан. Тэгээд манайх 1960 онд тэр цавьдар азаргыг худалдаж авсан юм. Ирснээсээ хойш ч сайн хурдалсан. Шарын цавьдар гэхээр энэ нутгийнхан анддаггүй л байлаа.
-Танайд ирснээсээ хойш нийт хэдэн айраг, түрүү хүртсэн бэ?
-Би тоог нь тодорхой мэдэхгүй байна. Их л олон удаа түрүүлж, айрагдсан юм.
Тэр азарга их сонин түүхтэй. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөөд, манайх цөөн хэдэн адуу л хураалгасан юм. Жилдээ гурав, дөрөвхөн гүү л унагална. Эр унага нь ерөөсөө тогтдоггүй байлаа. Нэгэн удаа манай азарга сумын баруун урд байдаг Сант уулын тэрүүгээр бэлчээрлэхдээ Бадамсүрэн гэдэг хурдан адуутай өвгөний нэг байдсыг хураагаад ирдэг юм байна. Тэгээд нөгөө байдаснаас эр цавьдар унага гарсан. Бадамсүрэн гуай тэрийг нь дааганаас нь эхэлж уясан. Тэр цавьдар ч айраг, түрүү огт алдаагүй. Даанч залуугаараа хөлгүй болчихсон гэж дуулдсан.
Тэр явдлаас хойш манайд эр унага ч тогтдог болж, адуу мал ч өсч эхэлсэн дээ.
-Анх худалдаж авсан цавьдар азаргаа хэдэн нас хүртэл нь уясан бэ?
-18, 19 хүртэл нь уралдуулсан. 1976, 1977 онд мөн л чанга өвөл болсон юм. Тэр жил манайх Архуст, Эрдэнэ сумын нутаг билүү дээ, Булагийн уул гэдэг газар өвөлжсөн. Тэгээд нэг унаад босож ирээгүй ээ, хөөрхий.
-Цавьдар азарганы төлүүд бас эцэг шигээ хурдан уу?
-Үр төл нь одоо хүртэл тасраагүй, хурдалж л байна. Манай хоёр том хүү хоёр дахь үеийн уяачид болж байгаа юм. Саяхныг хүртэл цавьдар азарганыхаа төлүүдээр л наадаад байлаа. Тухайлбал, Ам цагаан хул гээд сайхан хурдан азарга байна.
-Мөнхөөгийн Ам цагаан хул азарга гэдэг байх аа?
-Тийм, тийм. Мөнхөө гэдэг нь манай хүү. Хонин жилийн хавар бурхан болчихсон юм. Манай Мөнхөө Баян суманд хоёр айрагдсан Ам цагаан хулынхаа Ам цагаан хул үрээг талийгаач Оюунбилэгт бэлэглэсэн юм. Түүнээс гарсан төл нь “Их хурд”-д анхлан түрүүлсэн Дөлгөөн хонгор шүү дээ.
Өнгөрсөн жил манай сум Түмэн адууны баяр хийж, Ам цагаан хул азарганд маань хүндэтгэл үзүүллээ. Манай хүүхдүүд тэр наадмын айргийн тавд орсон морьдыг “Алдарт хурдан хүлэг Ам цагаан” гэсэн ваар, үнэ бүхий зүйлсээр шагнаж, мялаасан.
-Цавьдар азарганы төлүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар адуу байв?
-Өвгөн гэж их хурдан азарга байлаа. Мөн халтар гэж их хурдан азарга ч байлаа. Халтар азаргаа сумынхаа Цэвэгдорж гэдэг хүнд зарчихсан юм. Төл нь одоо ч манай суманд бий. Цавьдар азарганы төлүүдээс хамаатан садандаа өгсөн азарганууд ч бас их сайн давхисан.
-Цавьдар азарганы нийт хэдэн төлийг уясан юм бол?
-Том цавьдарын төл нь халтар азарга. Нэг айлын байдсан гүү хураагаад цавьдар унага гарсан юм. Түүнээс хойш Хөнгөн гэдэг хурдан хүрэн азарга, гурван ч хонгор морь гарсан. Бас нэг халтар азарга гарсныг нь Баянжаргаланд байдаг А.Очир гэдэг хамаатандаа өгсөн. Мөн Цагаандэлгэрийн Нямсүрэн, Бямбасүрэн гэдэг ах дүү хоёрт Хөнгөний төрсөн дүү болох хоёр азаргаа худалдсан. Төлүүд нь одоо ч хурдалж байгаа дуулддаг юм. Мөн Бямбасүрэнд зарсан азарганы төл болох шүдлэн үрээг Дэмчиг гэдэг хүргэндээ өгсөн. Тэр үрээ одоо Дундговийн Цагаандэлгэрийн хүнд очоод Жадамбын хээр гэж цоллуулаад явж байна.
Мөн Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн ах Базаррагчаад цавьдар азарга өгч байлаа. Тэднийх зүүн талаар уралдуулж байсан. Мөн Бат-Очирын хул ч бас манай унаган адууны угшилтай адуу шүү дээ. Хашбаатар, Саранхүү нарт ч Бат-Очирын хулын төлүүд бий. Баянжаргалангийнхан ер нь манай адууг андахгүй дээ.
-Танай цавьдар ч буянтай амьтан юм аа. Ингэхэд танайх анх ямар үнэ ханшаар худалдаж авч байв?
-Очир гуай хөгшинтэйгөө хоёулхнаа. Бас л бичин жилийн зуднаар хамаг малаа алдчихсан юм. Манайх цавьдар азаргыг 10 хургатай хонь, нэг тугалтай үнээ, 200 төгрөгөөр худалдаж авч байлаа. 200 төгрөгийг нь манай өвгөн аав өгч байсан юм. Очир гуай ч манай хүнд л өгнө гэж байсан.
-Танай өвгөнийг бүр сонгож өгсөн юм байна шүү дээ. Цавьдар азаргыг танай хүүхдүүд унаж уралддаг байсан уу?
-Манай хоёр том хүү, бага хүргэн гурав унаж уралддаг байсан.
-Цавьдар азаргаа улсын баяр наадамд сойж байгаагүй юм уу?
-Дээхнэ үед сумын наадмыг хоёрхон өдөр хийгээд хадландаа гарчихдаг байлаа шүү дээ. Тухайн үед манай Мөнхөө ахтайгаа хамт адуу хариулдаг байсан юм. Сумын наадмын өмнө гурван айлд 30, 30 гүү бариулдаг байлаа. Энэ мэтээр ажил мундахгүй л дээ.
-Хоёр хүү тань хоёулаа аймгийн Алдарт уяач цолтой байх аа?
-Хоёуланг нь аймгийн Алдарт уяач цолонд тодорхойлсон ч Мөнхөөд өгөөд, Батжаргалд сумын Алдарт уяач цол хүртээсэн юм.
-Батжаргал нь ямар, ямар адуу уяж, хэрхэн нааддаг байв?
-Цавьдар азарга, хонгор морь хоёрыг голлон уясан. Ах дүү хоёр хамжаад л уядаг байсан даа.
-Мөнхөөгийн Ам цагаан хул цавьдар азарганы төлийн төл билүү?
-Тийм. Цавьдар азарганы төл болох хул азарганы төл. Эх нь цавьдар гүү байсан юм.
-Танай унаган адууны угшлын адуу “Их хурд”-аас нэг түрүү авч байжээ. Өөр томоохон наадмуудад амжилт үзүүлсэн үү?
-Өөр томоохон наадмуудад оролцож байгаагүй ээ. Ам цагаан хул маань ойр хавийн хэдэн сумандаа гайхагдсан хурд байсан юм.
-Найман хүүхдийн тань тав нь хүү. Хэн, хэн нь морь уях уу?
-Батжаргал, Мөнхөө, Батсайхан гурав уядаг юм. Багадаа бүгдээрээ л хурдан морь унаж өссөн дөө. Хурдны моринд томдсоноосоо хойш сургууль соёл, ажил алба гээд завгүй болцгоосон.
-“Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр та ч бас морь малд нүдтэй, уяаны эрдэм гадарладаг л болоо биз?
-Хүмүүс намайг уяаны эрдэм мэддэг л гэж боддог бололтой юм. Би ч том хүүдээ хааяахан мориных нь ажилд туслахаас л хэтэрдэггүй байсан даа.
-Та “Баянжаргалангийнхан манай адууг андахгүй дээ” гэлээ. Худалдсан адуунуудаас хамгийн өндөр үнэ хүрсэн нь ямар адуу байв?
-Манай Мөнхөө бага насандаа хэд хэд айрагдсан цавьдар морио соёолонд нь Лувсанчүлтэм гэдэг хүн 12 адуугаар худалдсан юм. Тэр үед манай нутгийнхан “Мөнхөө шиг сайхан наймаа хийдэг хүн алга” л гэлцэж байсан. Хүнд бэлгэнд өгсөн адуунууд ч бас сайхан л давхидаг юм.
-Танай удмаас гурав дахь үеийн уяачид төрөн гарч байна уу?
-Мөнхөө маань ганц хүүтэй. Гэхдээ айл гэр болоогүй хүн л дээ. Батжаргал маань ч бас эхнэр аваагүй. Харин охины маань хүү Тамираа гурав дахь үеийн уяач болон гарч байна. Тамираагийн хүрэн гэж сайхан азарга бий. Дааганаас нь эхэлж уралдуулсан юм. Өвгөнийг амьд сэрүүн байхад гурван үеэрээ морьд уралдуулсан. Өвгөн маань магнайгаа тэнийтэл баярлаж билээ.
-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна