Уралдаанч ​Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо айрагдуулсан гоё байна

Сэтгүүлч
12 цагийн өмнө

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдааны түрүү магнай, соёолонгийн уралдааны айргийн тавд унасан хүлгүүдээ давхиулсан уралдаанч хүү Наранбаярын Боорчитой цөөн хором ярилцлаа.  

-Хэдхэн хормын өмнө хурдан соёолонгийн уралдаанд бор соёолонгоо айргийн тавд хурдлууллаа. Наадмын эхний өдөр шүдлэн үрээгээ түрүүлгэсэн мундаг дүүдээ баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?

-Намайг Наранбаатарын Боорчи гэдэг.  Төв аймгийн Заамар суманд дөрөвдүгээр ангид сурдаг.

-Чи хэдэн жил морь унаж байгаа вэ?

-Би 9 настай.  Дөрвөн жил морь унаж байна. 

- Энэ жилийн улсын баяр наадамд ямар ямар амжилт үзүүлээд байгаа вэ?

-Энэ жилийн улсын баяр наадмын эхний уралдаанд хязаалангаа 17-гоор давхиулсан. Шүдлэн дээр Төв аймгийн Заамар сумын уугуул Монгол улсын алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзий ахынхаа бор шүдлэнг унаж түрүүлгэсэн. Өчигдөр их нас унах гэж байсан хасагдсан. Өнөөдөр соёолон дээр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул “Прогресс цамхаг” ХХК-ийн захирал Бямбажавын Баярмагнай ахынхаа бор үрээг унаж айрагдууллаа.

-Ёстой мундаг унаач юмаа. Гоё байна уу морио айрагдуулж түрүүлгэхээр?

-Тийм, маш их баяртай, гоё байна.

-Өмнө нь улсын наадамд морь унаж айрагдаж, түрүүлгэж байсан уу?

-Би анх удаагаа л улсын наадамд морь унаж байна.

-Өглөө гарахад нь уяач нь ингэж унаарай гэж захиас хэлсэн үү?

-Хэлээгүй ээ. Өөрөө морио харж байгаад л уралдсан. Гараанаас гарахдаа 20-н хэдээр гараад урагшилаад аман хүзүүнд явж байгаад жоохон суучихсан.

-Морь унаж байгаа хүүхдүүддээ хэлэх үг байна уу?

-Анх намайг морь унаж сургасан Эрдэнэбилэгийн Наранбаяр ахдаа баярлалаа.

-За баярлалаа, мундаг дүүгийнхээ дараа дараагийн наадам, уралдаанд амжилт хүсье.

-Баярлалаа.

 

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна