Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах гэж хурдан морь унадаг

Сэтгүүлч
10 цагийн өмнө

“Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан соёолонгийн уралдаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын алдарт уяач Бэгзсүрэнгийн Гантулгын хээр үрээг унаж, айргийн гуравт хурдлуулсан уралдаанч Бямбабатын Нармандах хүүтэй цөөн хором ярилцлаа.

-Төрийнхөө их баяр наадамд унасан соёолонгоо айргийн гуравт хурдлуулсан дүүдээ баяр хүргэе. 
 -Баярлалаа. 
-Чи хэдэн жил морь унаж байгаа вэ? Хэддүгээр ангид сурдаг вэ?
-Би 3 жил морь унаж байна. Одоо 10 настай. Нийслэлийн 112 дугаар сургуульд сурдаг. 
-Өчигдөр, уржигдарын уралдаанд морь унасан уу? Яаж давхиулсан бэ? 
-Уржигдар улсын наадмын морин уралдааны эхний өдөр Говь-Алтай аймгийн алдарт уяач Бэгзсүрэнгийн Гантулгын ахынхаа бор халзан хязааланг айрагдуулсан. Бор халзан хязаалан маань өнгөлж явж байгаад ханараад үзэгч рүү ороод тэгээд гурвалчихсан. 
-Өглөө мордуулахдаа уяач нь юу гэж захисан бэ? 
-Эхний таван морины ард яваарай гэсэн. Тэгээд уяачийнхаа захисанаар эхний 5-ын хойно барьж явж байгаад үзүүр дээрээ дайрсан.  
-Чи гараанаас гарахдаа хэдэд гарсан бэ? 
-Би хамгийн сүүлд гарсан. Тэгээд давхисаар байгаад өнгөнд гараад ирсэн. 
-Энэ жил ямар ямар уралдаануудад уралдсан бэ? 
-Эрдэнэхангайн овоо тахилгад “Медальт” гээд их морьтой түрүүлсэн. Даншиг наадамд саяны үрээтэйгээ аман хүзүүдсэн. Төв аймгийн Сонгомол бага насанд түрүүлсэн. Тэгээд улсын наадамдаа Гантулгын ахынхаа бор халзан хязааланг уржигдар айргийн гурваар, өнөөдөх хээр соёолонг унаж гурваар давхиуллаа. Маргааш бас сонгомолд унана. 
-Морь унах гоё байдаг уу? 
-Гоё байдаг. Түрүүлэх нь гоё. 
-Том болоод ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ? 
-Уяач болно. Хурдан морь унаад байгаа нь би уяач ах нарынхаа морийг уяж байгааг нь харах гээд л тэр. 
-За ахиад баяр хүргэе. Дараагийн уралдаанд нь амжилт хүсье. Сайхан наадаарай. 
-Баярлалаа. 

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна